Эдийн эх хадаг

21.06.2009 Оруулсан: Admin Ангилал: Соёл урлаг

Монголчууд Хадгийг эрхэмлэн ариун цагаан эдийн дээж гэж үзсээр өнөөг хүрчээ. Хадаг анх Энэтхэгт үүсч Хятад, Төвдөөр Дамжин Монголд нэвтэрсэн бололтой. Манай ард түмэн хадгийг эртнээс эдийн дээд тэнгэрийн эд эрхэм зүйл гэж хүндэлж үздэг байлаа.

Монголын ертөнцййн гурван эхэд:
Идээний эх цай
Эдийн эх хадаг
Амьтны эх загас гэж бичсэн байдаг.

Хадгийг мяндсаар нэхэж хийдэг юм байна. Яс чанар нь сайн муу, янз бүрийн хэмжээтэй, таван янзын өнгөтэй хадаг байдаг. Цагаан нь сүүний өнгөтэй хүндэтгэлд хэрэглэдэг. Төрийн маань туг 9 хөлтэй, цагаан өнгөтэй байжээ. Хөх нь Тэнгэрийн өнгө. Мрнголчууд улсаа хөх монгол тугаа хөхөөр хийж, нийслэлээ хөх балгас, номоо хөх судар, торгон цэргээ хөх цэрэг гэдэг байлаа. Улаан нь халуун дулаан гэсэн утгатай. Ногоон нь дэлгэрэн арвижихын билэгдэл. Эх дэлхийн өнгө. Шар нь саарыг арилгаж сайныг билэгдсэн алтны өнгө.

Хадгийг анхны нэгж нь самбай. Түүнээс дээш даш, сэрж, ходоод, вандан, баранзад, намжвандан, соном, аюуш гэх мэт олон төрлийн хадаг байдаг. Эдгээр хадгийн чимэг хээг ажиглан үзэхэд төвд хятад манж, монгол ланз үсэг өгүүлбэр, арвижиж үржих зүйлсийн дүрс, элдэв бурхны хөрөг /Аюуш бурхан, Авид бурхан, арван зургаан найдан зэрэг/ мөн зураг угалзууд /түмэн насан хээ, хаан бугуйвч, хатан сүйх, алхан хээ, төл алх, өлзий хас долоон эрдэнэ, найман тахил хүслийн таван эрдэнэ/ гал, дүг, байпор, ваар, шувуу, цэцэг, эрвээхэй, луу, арслан, барс, хангарди, очир, хөө хуяг, хий салхи, хурдан адгуус морь, ямаа, хонь, үхэр, уул, үүл, ус зэрэг ямагт сайн сайхныг билэгдсэн маш олон зүйл байдаг. Монголчууд шиг хадгийг юм болгонд өргөн хэрэглэдэг улс тэр бүр байдаггүй.

Хадгийг эцэг эхдээ золгох, хүү гэрлүүлэх, ууган унагаа уургалах хурдан морь мялаах, элч залах, зар хүргэх, мал тоолох, баярын мэнд асуух, бэлэг сзлт өгөх, албан тушаалтан ирэх, буцах, шагнал урамшил, эмч домчид бараалхах, шавь орох, талийгаачийг оршуулах зэрэгт хадаг хэрэглэдэг тухай угсаатны судлалын олон ном, зохиолд бичсэн байдаг. Хадаг бас мөнгөний нэгжийн үүрэг гүйцэтгэж байсан удаа ч бий.

Монголчууд хадгийг барих тавихдаа олон янзын нэрээр нэрлэдэг байжээ. Хадаг өргөх, тавих, барих, зүүх, хив татах буюу нэрлэх, няндар өргөх, уях, гар цайлгах, бэлэг өгөх дашлуулан барих мэтээр хэлнэ. Хадгийг хэрэглэн барихдаа хээ зэргээр ялгаварлан ангилдаг. Жишээ нь; хуучин Да хүрээ заншлаар Бурхантай хадгийг эцэг эхдээ, тахилтай хадгийг бусад хүндэтгэх хүндээ, Нанжвандантай хадгийг хүн нутаглуулах, оршуулах, газар гуйхад хэрэглэнэ.

Монголчууд ердийн хадгийг бэлэгдэл бодож хөрөнгө болгон хадгалдаг ёс байжээ. Хадаг тогтвол мөнгө тогтоно гэдэг байлаа. Монголчуудын үргэлж хадгалж явдаг гурван зүйл нь хадаг, аргамж сур, усгүй хар архи байсан гэдэг. Үүнээс гадна бүр дээр нь угаах, огтлох дээгүүр нь алхах, гишгэхгүй байхыг цээрлэдэг эрхэмлэдэг байжээ. Одоо ч гэсэн хадаг нь дээрх мөн чанраа алдаагүй хүмүүс бидний эдийн дээд болон хадгалагдсаар байгаа билээ.

Амьдрах ухаан, 1993 №1

эх сурвалж: http://mongolulamjlal.blog.banjig.net/post.php?post_id=51976

comments are closed